Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
2024, 12 сарын 6. 10:010

Өглөөний есөөс үдшийн 18 цаг хүртэл ажилладаг ажлын байр, түүний дүрэм журмууд цагийн эрхээр хуучирч, эхнээсээ үгүй болж байгаа өнөө үед хүмүүс хоёр болон түүнээс олон ажил зэрэгцүүлэн хийж, илүү их бүтээмжтэй байх талаар боддог болжээ.

Хоёр ба түүнээс олон бүтэн цагийн ажил зэрэг хийх энэ хэв маягийг поливорк хэмээн нэрлэх болсон байна. түүнчлэн статистик мэдээллээс үзвэл, 2023 оны байдлаар АНУ-ын нийт ажилтнуудын 46 хувь буюу бараг тэн хагас нь хоёр болон түүнээс олон ажил зэрэг хийж байгаа, 36 хувь нь ойрын хугацаанд мөн ижил байдлаар ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ. Түүнээс гадна зэт үеийнхний 46 хувь нь мөн олон ажил зэрэг хийж байгаа гэнэ.

Яагаад орчин үед хүмүүс олон ажил зэрэгцүүлэн хийх сонирхолтой болоод байна вэ? Ямар ашигтай гэж тэр вэ?

Дээрх асуултанд хариулахын тулд олон ажил зэрэгцүүлэн хийхийн ашигтай тал, бэрх тал зэргийг авч үзье.

Олон ажил зэрэг хийхэд нөлөөлдөг хүчин зүйлс

Эдийн засгийн дарамт

Олон улсад амьжиргааны өртөг цалингаас түрүүлж өсөх хандлага их байна. 2024 оны аравдугаар сард л гэхэд АНУ-ын өргөн хэрэглээний бараа өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.6 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.

Түүнчлэн 2023 оны байдлаар судалгаанд хамрагдсан нийт ажилтнуудын 60 гаруй хувь нь цалин инфляцыг гүйцэхгүй байгаа талаар мэдэгджээ. Иймд хүмүүс амьжиргааныхаа өртгийг хангах, эсвэл өрөө төлөхийн тулд нэмэлт орлоготой болж байгааг мэргэжилтнүүд мэдээлжээ.

Алсаас ажиллах арга барил

Алсаас ажиллах соёл эрс дэлгэрснээр орон зай, хил хязгаарын бартаа зааг гэж үгүй болжээ. Үр дүнд нь хэн нэгэн хамт олонтойгоо уулзаж ярилцах, эсвэл оффис дээрээ биеэр очилгүйгээр олон албан тушаал зэрэг хаших боломж бүрдсэн юм.

Шинэ чадварт суралцах

Олон ажил хийснээр тухайн хүн олон шинэ чадварт суралцаж, хувийн танилцуулгаа баяжуулж байдаг сайн тал бий. Цаашлаад олон өөр ажил хольж хийснээр ажлаас халшрах нь арай бага байдаг талтай.

Хүсэл тэмүүлэл

Зарим хүнд олон ажил санхүүгийн тогтвортой байдлаас гадна хувийн сэтгэл ханамж өгдөг. Жишээлбэл, програм хангамжийн мэргэжилтэн үндсэн уламжлалт ажлынхаа хажуугаар онлайн бизнес, эсвэл тэс өөр салбарт цагаар ажиллах боломжтой.

Ашигтай талууд

Санхүүгийн тэнцвэр

Мэдээж олон ажил хийвэл олон цалин авна. Олон газраас цалин авснаар санхүүгийн зорилгодоо хурдан хүрэх боломжтой. Хуримтлал үүсгэх, өрөө дарах, хөрөнгө оруулах боломжоо нэмэх гээд л.

Хөрвөх чадвар

Олон салбарт олон ажил хийснээр эдийн засгийн аливаа хямралыг давж гарахад арай дөхөм болно. Нэг ажил нь дампуурлаа гэхэд нөгөө ажил дээрээ тогтоод үлдэж болно шүү дээ.

Танилын хүрээ тэлнэ

Олон ажил зэрэг хийдэг хүмүүс нэгэн зэрэг олон баг, үйлчлүүлэгч нартай харилцаж байдаг. Улмаар мэргэжлийн хүрээнд танилын хүрээ нэмэгдэхээс гадна цаашдын ажил хөдөлмөрийн замналаа олоход ч тустай.

Хувь хүний хөгжил

Олон ажил хийснээр хөрвөх чадвар, цаг зохицуулалт, шийдвэр гаргах зэрэг өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр улам чухалчлах болсон олон чадварт суралцана.

Олон ажил хийхийн эрсдэлүүд

Хууль, ёс зүйн асуудлууд

Зарим газрын хөдөлмөрийн гэрээн дээр давхар ажил эрхлэхийг хатуу хориглосон байдаг. Гэрээний иймэрхүү заалтыг зөрчсөнөөр олон асуудал ар араасаа үүсэх эрсдэл бий.

Түүнчлэн нэг салбарын олон өр газарт зэрэг ажилласнаар тэдний ашиг сонирхлын талаас бодоод үзвэл таны мэргэжлийн ёс зүйд тохиромжгүй байж мэднэ.

Ядаргаа

Уламжлалт хэв маягаар нэг ажлаа хийдэг, эсвэл олон ажил зэрэг хийдэг хүмүүсийг харьцуулан судалж үзэхэд олон ажил хийдэг хүмүүс ядрах, ажлаас халшрах, стресстэх, ажиллах эрч хүчээ алдах зэрэг асуудалд илүү өртөмтгий байжээ. Тэгсэн хэр нь ажил, амьдралын тэнцвэр нь олон ажил хийдэг хүмүүсийн хувьд илүү тогтвортой байсан гэнэ.

Бүтээмж буурна

Ажлын цагаа олон ажилд хуваан зарцуулснаар мэдээж аль аль ажлын бүтээмж хуваагдахаас гарцаагүй. Улмаар ажлын газартайгаа хэцүү харилцаатай болж ч болзошгүй.

Илүү зардал

Мэдээж олон ажил хийх нь олон орлогын эх үүсвэртэй болох хамгийн энгийн арга мэт боловч түүний цаана нүдэнд үл үзэгдэх олон зардал бас бий.

Дүгнэлт

Орчин цагийн хөдөлмөрийн зах зээл дээр ажил олгогч болон ажилтан талын олон янз хэрэгцээ шаардлагын илрэл поливорк болон илэрч байна. эдийн засаг болон мэргэжлийн ур чадварын гэх мэт олон ашигтай тал харагдажбайгаа ч, түүний цаана тун болгоомжтой аргыг нь олох ёстой олон эрсдэл нуугдаж байдаг.

Иймд олон ажил зэрэг хийхийн өмнө хүн олон ажил зэрэг хийхэд шаардлагатай хууль, ёс зүйн хэм хэмжээ гээд олон зүйлийг сайтар бодож үзэх хэрэгтэй.

Эцэст нь гэхэд тэнцвэр,ил тод байдал, цэгцтэй төлөвлөгөө зэргээс олон ажил зэрэг хийхийн амжилт шууд шалтгаална. Болгоомжтой, зөв зохицуулж чадаж байвал олон ажил хийснээр санхүүгийн дарамтнаас хурдан салж, өөртөө илүү их цаг гаргах боломж ойртоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49