Яагаад 2024 он болчхоод байхад эмэгтэйчүүд арай бага цалийн авдаг хэвээрээ байна вэ? Олон арван жилийн турш хүн төрөлхтөн ажлын байран дээрх эрх тэгш байдлыг бүрдүүлэхийн төлөө хичээсээр яваа ч, хүйсийн тэгш бус байдал хамгийн зөрүүд хэвээрээ үлдэж, өдгөө эмэгтэйчүүд ижил албан тушаалтай эрэгтэйчүүдээс 25 хувиар бага цалин авч байна. энэ зөрүүний зарим хэсгийг боловсрол, туршлага зэргээр тайлбарлаж болдог ч, үлдсэн хэсэг нь ямар ч тайлбаргүй, учир битүүлэг хэвээр байна. Тэгвэл, сүүлийн үеийн судалгааны тайлангуудаас үзвэл, тэр учир битүүлэг хэсэгт хүний хувийн зан чанар зарим талаар нөлөөтэй байж магадгүй гэжээ.
Кэмбрижийн их сургуулийн эдмйн засагч Кристофер Флинн, Петра Тодд, Вэйлон Жан нар хүний зан чанар алын амжилттай хэрхэн уялддаг талаар судалжээ. Тэгэхдээ тэд зүгээр л цалингийн тэр их зөрүүнд анхаарал хандуулалгүй, том тав гэгч таван чанар цалингаас эхлээд ажил хайх гээд бүх шатанд хэрхэн нөлөөлдөг талаар судалж үзсэн байна. Тэр таван чанарыг нээлттэй, хариуцлагатай, эерэг, тогтвортой сэтгэл хөдлөл, харилцаа хэмээн тодорхойлдог.
Том таван чанар өдгөө хүний хувийн зан чанарыг тодорхойлох алтан хэмжүүр болоод байна. нээлттэй байдлаар тухайн хүний хэр сониуч, бүтээлч гэдгийг, хариуцлагатай байдлаар ажлын ёс зүй хэр зэрэг гэдгийг, харилцаагаар бусадтай хэр нийцтэйг, эерэг байдлаар багаар ажиллах чадвар, алсын харааг, тогтвортой сэтгэл хөдлөлөөр ачаалал даах чадварыг үнэлдэг байна.
Германы нийгэм-эдийн засгийн 11 мянган өрх, 20 мянган хүнээс 2013-2019 онд цуглуулсан мэдээллээс судлаач нар 25-60 насны 6683 ажилтны мэдээллийг шүүрдэн авч судалсан аж. Тэгтэл дээрх таван чанар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд эрс ялгаатай байдаг нь тодорхой болжээ. Тухайлбал, эмэгтэйчүүд ерөнхийдөө илүү нээлттэй атлаа сэтгэл хөдлөл тогтворгүй гэж гарч байгаа нь ажлын байран дээр, ялангуяа цалин тохиролцох тал дээр маш том сул тал болдог гэж тэд дүгнэжээ.
Судалгааны дүнгээс үзвэл, эерэг буюу бусадтай их хамтран ажилладаг, өрөвч, бусдын тав тухыг чухалчилдаг хүмүүс ажилд ортлоо уддаг% орсон ажилдаа харьцангуй бага цалин авдаг аж.
Судалгааны зохион байгуулагчдын мэдээлснээр эмэгтэйчүүд илүү эерэг хандлагатай байснаар өрөвч, энэрэнгүй зангаасаа болж цалин тохиролцоход том сул талтай байдаг гэнэ. Эерэг хүмүүс нийгэмд сайн нэртэй байдаг ч санхүүгийн тал дээр бусдаас доогуур байх нь элбэг аж. Учир нь хүн хэдий эерэг байна, төдий чинээ асуудлаас зугтаж, цалин тохиролцоход бусдын саналыг амархан хүлээн зөвшөөрдөг гэнэ.
Түүнчлэн сэтгэл хөдлөл тогтворгүй байх нь ажлын амжилт, цалин нэмэх, тогтвортой ажилд давхар давхар сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Цаашлаад, хариуцлага буюу цэгцтэй, ухамсартай, хичээнгүй чанар эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсийн хүмүүст өндөр цалин авах боломж нээж өгдөг аж. Тухайлбал, хариуцлага өндөртэй эрэгтэй хүн энгийн эрээс 6.8 хувь, хариуцлагатай эмэгтэй хүн энгийн эмэгтэйгээс 5.3 хувиар илүү цалин авдаг гэнэ. Энэ тал дээр эмэгтэйчүүд илүү байдаг нь тэдний цалинг нэлээд өсгөдөг ч, бусад зан чанарын ялгаанаас үүдэлтэй зөрүүг арилгахад хангалтгүй юм.
Зан чанарын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ийм ялгаатай байгаа нь тэдний хүүхэд настай холбоотой гэж мэргэжилтнүүд үзжээ. Охид ихэвчлэн бага наснаасаа бусадтай нээлттэй харилцаж, эерэг, энэрэнгүй байхыг сурдаг бол хөвгүүд илүү чимээгүй, буурь суурьтай байх ёстой гэх хүмүүжлээр өсдөг билээ. Ийн бага наснаасаа сурсан зан чанар насанд хүрч ажил дээр гарахад нэгэнт түүнийг тодоройлох чухал үзүүлэлт болсон байдаг аж.
Гэхдээ хүний зан чанар гэдэг хувиршгүй хүчин зүйл биш билээ. Сэтгэл засал болоод бусад мэргэжлийн хүмүүсийн тусламж, бас өөрийн хичээл зүтгэлээр хүн өөрийнхөө зан чанарыг өөрчлөн засаж болдог гэдгийг олон судалгаа баттай харуулдаг. Жишээлбэл, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлаа арилгаснаар цалингийн хэмжээ 2-6 хувиар өсөх боломж бий гэнэ.